Чи над шиг худал хуурмагаар дүүрсэн хүнтэй энэ яваа насандаа учрахгүй шүү. Одоо ингээд үүнийг уншаад, миний тухай эргэцүүлээд сууж байгаагаа хувь тохиол гэж бод. Би энэ ертөнцийн хамгийн хуурамч нэгэн. Толгойд минь маш олон юмс ээлж дараалан эргэлдэж тэр болгоныг ургуулан сэтгэдэг миний тархи худал бүхнээр дүүрэн. Инээж байгаа минь ч, сонсож байгаа минь ч, ярьж байгаа минь тэр ч бүүхэл алхаж гишгэж байгаа минь, ер нь миний гэсэн бүхэн, надтай холбоотой болгон бүгд л худал. Би хэнд ч үнэнээ хэлж байгаагүй. Сэтгэлд минь төрж байгаа мэдрэмжүүд, гаднаа гаргаж байгаа тэр илэрхийллүүд ч бас бүгд худал. Юунд ч чин сэтгэлээсээ хандаж үзэж байгаагүй. Урьд өмнө хэнийг ч хэзээ ч үнэнээсээ хайрлаж байгаагүй. Сайхан үгийг хэнд ч сэтгэлээсээ хэлж байгаагүй. Хэнийг ч үнэн голоосоо бас харааж зүхэж байгаагүй.
Би хэнд ч гомдож үзээгүй, учир нь худал бүхэн минийх болохоор хэнд ч гоморхох хүсэлгүй, сэтгэл хөдлөлгүй, үнэнгүй... Эргэн тойрон дахь амьд бүхнээ хуурч ирсэн миний замнал.
Надад битгий итгэ. Мөрийг минь түшээд сууж байхад нэг л өдөр чив чимээгүй босоод явчихаж мэдэх хүн. Тохирох уу? Зүгээр л намайг байхгүй гэж бод. Битгий ач холбогдол өг. Чиний үнэн амьдрал ингээд зогсог. Харин миний хуурмаг амьдрал үргэлжлэг.
Бүх зүйл минь худал аа. Надаас ургасан, миний гэсэн болгон худал. Хийж байгаа минь, хэлж ярьж байгаа минь бүгд эгнэшгүй худал. Худал бүхэн минийх. Эцэст нь энэ бичсэн минь ч бас худал.
Хэдий тийм ч худал бүхэн минь надад үнэтэй, худал бүхэн минь надад үнэн...
